​Б.Даваасүрэн: Хүний амьдралд зовлонтой мэт жаргал ч байдаг

Бяцхан хүүхдүүдийн цангинасан хоолой, нялх хүүхдийн хамар цоргим үнэр, дэггүйтэн гүйх балчир үрсийн хөлийн чимээ, хайр гэрэлтсэн харцаар гэрээ дүүргэсэн нэгэн залуу гэр бүлд шинэ оны босгон дээр зочилж, энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ.

Хишигбаярын Базаррагчаагийнх тэрсхэн гэмээр долоон хүүхэдтэй. Тэдний хамгийн бага дөрөв нь ихэр, хамгийн том хоёр нь жилгүй төрсөн. Харин гуравдахь хүү Магнай нь ах нараасаа гурван насаар дүү, ихэр дүү нараасаа дөрвөн насаар ах. Том хүү Тэмүүжин нь арван настай. Хамгийн бага ихрүүд болох Мандах, Маралгоо нар 11 сартай. Хүүхдүүдийн гурван том нь сургуулийн, дөрвөн ихэр нь гэрийн цэрэг.

Ажлын өдрүүдэд аав нь ажилтай, хүүхдүүд ч хичээл сургуультай учраас гэр бүлийн гишүүд бүгд завгүй шахуу өнгөрөөдөг. Харин амралтын хоёр өдөр халуун ам бүлээрээ хамтдаа цагийг сайхан өнгөрүүлдэг ажээ. Тиймд бид баасан гаригийн орой цаг товлож байгаад очлоо. Халуун ам бүлээрээ цуглажээ. Эднийх 21-р хорооллын орчимд хашаа байшинд амьдардаг бөгөөд гэр хорооллын орчинд байхааргүй, олон хүүхэдтэй айл гэхээргүй цэвэр цэмцгэр, тохитой, тухтай амьдардаг аж.

Өмнө нь эднийх шиг олон хүүхэдтэй айлд нэг биш удаа зочилж, сурвалжлага бэлтгэж байсан болохоор ямар дүр зураг угтдаг гэдгийг ерөнхийдөө гадарлана. Гэхдээ эднийх төсөөлснөөс тэс өөр юм. Биднийг ороход аав, ээж хоёр нь том өрөөндөө ширээ засан, хоол цай зэхэж, харин хүүхдүүд нь унтлагын өрөөндөө тоглож байлаа. Бид аав, ээжтэй нь цаг орчим хууч хөөрч, хоол цай, амттангаар дайлууллаа. Энэ хооронд унтлагын өрөөнөөс хүүхдүүдийн нэг нь гарч ирсэнгүй, амттан чихэр идье гэж шалсангүй. Тэднийг бага балчраас нь томчуудын яриа сонсохгүй, бусдад тавьсан идээ будаа, тавгийн чихэрт гар хүрч болохгүй гэж сургажээ. Биднийг хөөрөлдөх зуур арван настай Б.Тэмүүжин, есөн настай Б.Тэмүүгэн, зургаан настай Б.Магнай нар дөрвөн ихэр дүүгээ хооллож, хоёрыг нь унтуулж амжжээ.

Хоёр дахь хүү Тэмүүгэн ээжийнхээ дэргэд ирсэнээ “Ээжээ, би удахгүй аяга тавгаа угаанаа” гэж байна. Ээж нь хүүгийнхээ толгойг үнэрлээд “Манай гурван том орой болгон аяга тавгаа угааж, биендээ хүлээлгэж өгдөг даалгавартай. Аав нь бага байхаас нь ингээд сургачихсан юм. Цэвэрлэгээ хийхдээ нэг л аяга дутуу угаах юм бол маргааш нь дахиад хийхээр болж улирдаг. Хүүхдийн нас нь бага, жаахан гэлтгүй ажил даалгаж байх ёстой. Бага балчир гэж эвийлээд байвал бусдын араар суугаад үлддэг зуршилтай болдог. Манай гурван том бид хоёрыг байхгүй хойгуур хоолоо өөрсдөө хийгээд идчихнэ, дүү нараа асарч, халамжилна. Ер нь тэгээд олон хүүхэд биенийгээ хүмүүжүүлдэг юм байна. Олуулаа байхын хэрээр өөрсдийнхөө хариуцлагыг маш сайн мэддэг. Түүнээс бид хоёр онцгой арга барилаар хүмүүжүүлсэн зүйл байхгүй ээ. Манай эмээ намайг хөдөлмөрөөр хүмүүжүүлсэн. Гурил нялцгай зуурсан бол хатуу болтол илдүүлдэг, зузаан илдсэн бол бууцаагаад базаад дахиад илдүүлдэг хүн байсан” гэж ярих зуур зургаан настай Магнай “Ээжээ, би хувцасаа өөрөө угаадаг, тийм ээ” гэж ярианд оролцов.

Цааш үзэх

Comments

comments