Ногоо “хөлдөөж” хадгалах нь үнэтэй ногооноос шим тэжээл, витаминаар баялаг байдаг гэнэ…

Эх орныхоо хөрсөнд ургасан эрүүл ногоог зөвхөн намартаа хэрэглээд дуусахгүй шүү эзэгтэй нараа. Зөв хөлдөөж хадгалсан ногоо “улирал андуурч ургасан” шинэхэн, үнэтэй ногооноос шим тэжээл, витаминаар баялаг байдаг гэнэ. Тэгэхээр, хотод хаа сайгүй байгаа асар руу алхаад, өвөлжин зулзагануудаа тэжээх ногоонуудаа аваад, бэлтгээд, хөлдөөгөөд марш..

Яншуй, ногоон сонгино зэрэг ногоог бага хэмжээгээр хэрчиж оливийн тостой хөлдөөж болно.

  • хүрэн манжин: бүхлээр нь чанаад, хөргөөд, халислаад, цагиргалан хэрчээд уутанд хийж амсарыг нь наагаад хөлдөөнө.
  • брокколи: цэцэг хэсгийг жигд хэмжээтэй зүсч аваад давстай усанд 20 минут байлгаж цэцгэн дотор нуугдсан өт хорхойноос салгаад цэвэр усаар зайлж хатаагаад хөлдөөнө.
  • лууван: арилгаад угаагаад хэрчээд хөлдөөнө.
  • цагаан цэцэгт байцаа: мөн брокколи шиг цэцэг хэсгийг жигд хэмжээтэй зүсч аваад давстай усанд 20 минут байлгаж цэцгэн дотор нуугдсан өт хорхойноос салгаад цэвэр усаар зайлж хатаагаад хөлдөөнө.
  • эрдэнэ шиш: эрдэнэ шишээ халислаад утаснуудыг авч хаяаад үрнүүдийг тойруулан зүсч аваад уутанд хийн хөлдөөж хадгална.
  • сонгино: арилгаад хэрчээд уутлаад хөлдөөнө.
  • чинжүү: дээд хэсгийг аваад үрийг ухаж гаргаад савхан хэлбэртэй хэрчиж хөлдөөнө.
  • хулуу: хатуу гадаргийн хальсийг төмс ногоо арилгагчаар арилгаад үртэй хэсгийг ухаж хаяад жижиглэн хэрчиж зууханд эсвэл жигнэж болгоод хөргөөд нухашлаад уутлан хөлдөөнө.
  • бууцай: угаагаад хатаагаад уутлан хөлдөөнө.
  • зуккини (хулуу): жижгэвтэр хулуу сонгож аваад угаагаад дээд доод хэсгийг авч хаяад савхан хэлбэртэй хэрчээд хөлдөөнө.

Зөв бэлдээд, агаар оруулахгүй вакум орчин үүсгэн уутлаад байнгын хөлдүү байдалтай хадгалж чадвал ихэнх ногоог 8-10 хүртэл сараар хадгалж болно. Хөлдөөсөн ногоонуудаа нэг удаа хэрэглэхээр савлаж хадгалаад хөлдүү чигээр нь (гэсгээлгүйгээр) хоолондоо хийж хэрэглэнэ.

Таны бяцхан үр өвлийн улиралд бор хоолонд орохоор байгаа бол хөлдөөж бэлтгээд хадгалаад аваарай.

Comments

comments