Л.Мөнхбаясгалан: Ижийнхээ шарилын дэргэд хагацаж ядан зогсохдоо би өөртөө ийн тангарагласан юм.

Ижийнхээ шарилын дэргэд хагацаж ядан зогсохдоо би өөртөө ийн тангарагласан юм. “Хэрэв би сэтгүүл зүйд ямар нэгэн байр суурьтай юм бол, хэрэв би нийгмийн амьдралд өчүүхэн ч атугаа нөлөөлөх чадвартай юм бол хорт хавдар хэмээх энэ өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх үйлсэд чадлынхаа хэрээр зүтгэж үлдсэн амьдралаа зориулах болно. Миний үзсэн энэ зовлонг дахиж хэн нэгэн үзэж элэг зүрхээ бүү эмтлээсэй … ” гэж. Бид 2015 он солигдоход ганцхан хоног дутуу байхад 58-хан настай ижийгээ энэ өвчнөөр үхэлд булаалгасан юм. Хэдийгээр ийм хагацал ирнэ гэдгийг эмнэлгийн босгоор алхсан анхны өдрөөс нь мэдэж байсан ч би үхэлтэй нүүр тулахдаа сэтгэл санааны тэнцвэрээ алдаж хэдэн өдөр ухаан дутуу явсанаа одоо санадаггүй юм. Хажууханд лугшиж байсан тэр халуун зүрх үүрд зогсож, өөрөө тэсэхүйеэ бэрх өвчнөөр шаналж байхдаа ч “охиноо ядраачихлаа даа” хэмээн харамсангуй харж байсан өрөвчхөн хардаг алаг нүд нь бүрмөсөн аньж, “Эдгээд хөл дээрээ босно. Цагаан сараар л жаахан ядруухан байх нь дээ. Сар шинэ өнгөрөөгөөд сувилалд явна даа” гэсэн итгэлтэйгээ хамт авсанд ороход нь би бүтэн ухаантай үлдэж чадаагүй ээ…

Цагаан сар болж байна. Үр бүхэн ижийдээ бэлэг хайж байхад бид таныхаа 49 хоногийг хурааж байна. Өнөөдөр бурханы оронд одсон ижийгийн минь 49 дэх хоног. Хоёрхон хоногийн дараа цагаан сар. Таньгүйгээр золгох анхны цагаан сар. Хамаг амьтан баярлан цэнгэж ижий аавдаа очиж ерөөлгөж байхад зүрхээ өвтгөн, өрөө базлуулан байж өнчин шинэлэх бидний анхны жил. Таныхаа араас буян болгож анхны бөгөөд сүүлчийн удаа энэхүү нийтлэлээ зориулья. Тиймээс ”Сүүлчийн нийтлэл” гэж нэрлэлээ. Энэ нийтлэлээрээ би хорт хавдар гэж ямар өвчин болохыг, манай эмч нарын мэдлэг чадвар, цаашид энэ салбарт юу хийвэл зохистойг харуулахыг зорьж байна. Бас энэ аймшигт өвчний эсрэг надтай нэгдэж сайн үйлс бүтээх халуун сэтгэлтнүүдийг хайж байгаа юм. Өнөө орой “Цензургүй яриа” хэмээх өөрийн хөтөлдөг нэвтрүүлгээрээ Монголын бурхан шашны тэргүүн, Гандан тэгчлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцтай ярилцаж бусдын зүрх сэтгэлд өчүүхэн ч гэсэн гэгээ нэмэхийг зорино. Хайрт ижийнхээ 49 хоног дээр охины чинь өргөх үйл ердөө л энэ билээ. Хэрэв энэ нийтлэл уншигч танд таалагдвал тэр сэтгэгдэл чинь маань болон хөгжиж хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас ангижрах болтугай.

Анагаах ухаан хүчин мөхөсдлөө

Ээж минь сүүлийн хэдэн жил байсхийгээд л нойр булчирхай өвдлөө гэдэг байсан. Тэгээд 100 айл дахь Нансалмаа гэдэг эмч дээр очиж эход харуулдаг байлаа. Эхоны хамгийн мундаг эмч л гэдэг шүү дээ. “Эмч зүгээр гэсэн. Эм бичиж өглөө” гээд л инээж суудагдсан. Тэгэсхийгээд л өвчин нь намдчихдаг болохоор бид ч санаанд орохгүй. Нэгэнтээ Сонгдо эмнэлэгт үзүүлсэн боловч мөн л эм бичиж өгөөд өнгөрсөн. Харин энэ есдүгээр сард ижийн минь нойр булчирхай гэнэт хүчтэй өвдөж бүх бие нь ногоорчихов. Хэсгийн эмчдээ үзүүлсэн чинь “Ядаргаа болчихож. Таньж мэддэг хүнтэй бол Шар хадны эмнэлэгт хэд хоног хэвтээд авбал зүгээр. Энэ ногоорч байгаа нь ядаргааных шүү” гэжээ. Утсаар ийм мэдээлэл авсан дүү маань Шар хаданд ор зохицулчихаад аваад очтол үзсэн эмч “Хүүе энэ болохгүй ээ. Цөснөөсөө хамаг биеэ хордож байна шүү дээ. Нарийн мэргэжлийн эмчид яаралтай оч” гэсний дагуу Нэгдүгээр эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн төвд очиж анхны шинжилгээ өгсөн нь хорт хавдар хэмээх оношийг илрүүлсэн юм. Ийм аймшигтай өвчний чимээнээр манайхан түгшүүр авч хамгийн сайн гэсэн компьютер, эхо, шинжилгээ, эмч болоод явчихлаа. Онош тодорлоо. Нойр булчирхайн хорт хавдрын 4-р үе. Ингээд ХСҮТЭ-д очлоо. Өдөр бүр хавдартай тэмцдэг энэ эмнэлэгийнхэн ч дээрх оношийг давхар баталлаа. Найдваргүй, хэтэрхий оройтсон, тэслээ гэхэд дөрвөн сарын настай хэмээх аймаар үг чихэнд сонсогдож толгой дүнгэнүүлнэ. Гэтэл ижий минь хажууд инээчихсэн суугаад байдаг. Зүв зүгээр ингээд инээж суугаа хүн үсрээд л дөрөвхөн сар наслана гэж үү. Үгүй арга заавал байх ёстой. За ингээд мэс заслын эмч нартай уулзлаа. “Хагалгаа хийгээд үзье. Хэрэв хавдар дотор эрхтнүүдэд үсэрхийлж амжаагүй бол авах гээд оролдьё. Энэ бол хэвлийн хөндийн хамгийн том хагалгаа. Хийвэл 8-10 цаг үргэлжилнэ. Хэрэв бүх зүйл оройтсон байвал удахгүй гараад ирнэ” гэлээ. Энэ бол ХСҮТЭ-ийн Элэг , цөс нойр булчирхайн тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэнгийн хэлсэн үг. Энэ эмч зөвхөн манайдаа төдийгүй гадаад орнуудад ч нэр хүндтэй, урилгаар явж хагалгаа хийдэг юм билээ. Одоо Ж.Чинбүрэн, Р.Мөнхбат эмч нарын алтан гар, мэдлэг чадварт найдах л үлджээ. Энэ төрлийн хагалгаа манайд нэлээд хийгддэг юм байна. Нас баралтын хувь ч бага. Хэрэв хавдарыг нь авч чадвал таван жил амьдарсан ч хүн бий гэнэ. Гэхдээ хагалгаа хүлээсэн очер дугаар дийлдэхийн аргагүй. Хагалгаа хийх өдөр ирлээ. Элэг, цөс нойр булчирхайн мэс заслын тасагт хагалгаанд орж байгаа хүний ар гэрийнхэн дөрвөн давхарт багтаж шингэхгүй. Гуравхан вандан сандал байдаг болохоор бусад нь шал, шатан дээгүүр зээглэн сууна. Өндөр настай, бие давхар хүмүүст үнэхээр хэцүү. Маш олон хүн тэнд хүлээх учир амьсгалах агаар гэж авах юм байхгүй. Нэг өдөрт 5-6 хүн хагалгаанд орлоо гэж бодоход нэг хүний ар гэрээс багадаа л долоо найм, ихдээ 20- иод хүн ирнэ. Ингээд бодохоор тэнд юу болдог нь тодорхой. Энэ тухай эмч нараас асуухад “Сүүлийн жилүүдэд хорт хавдраар өвчилсөн хүний тоо өсөөд байгаа юм. Өдөр бүр л ийм байдаг. Манай эмнэлэг ачааллаа даахгүй байгаа биз дээ” гэнэ. Хагалгаа эхлээд ердөө цаг ч бололгүй Ж.Чинбүрэн эмч барайчихсан гараад ирлээ. Түүний баргар царай, дальдрах харцнаас юу болсныг шууд ойлголоо. Хагалгаа амжилтгүй болжээ. Хорт хавдар элэг болоод бусад эрхтэндээ аль хэдийнэ үсэрхийлж амжжээ. Эмч хүн арга барагдах мөчид хичнээн хэцүү байсан ч ар гэрийнхэнд нь үнэнийг тайлбарлаж хэлдэг нь хэцүү юм билээ, хөөрхий. Эцэст нь эмч “Уучлаарай, анагаах ухаан ийм үед хүчин мөхөсддөг юм. Үнэхээр харамсалтай байна…” гэлээ. Ижийгээ эмчлэж чадахгүй, үхлийг л хүлээж суухаас өөр аргагүй болжээ. Үгүй ээ, арга заавал бий. Арга байхгүй юм бол ид шид байх ёстой. Ингээд нойр булчирхайн хорт хавдарыг судаллаа. Дэлхийн аль ч оронд ийм хүнд үедээ орсон хавдарыг анагааж чадахгүй аж. “Apple”-ийн үүсгэн байгуулагч тэрбумтан Стиб Жобс энэ өвчнөөр хорвоог орхижээ… Орчлонд аргагүйдэх юм бас байдаг гэдэгтэй эвлэрэхийг хүссэнгүй. Бөө, лам, мэргэн түргэн хүн гээд яваагүй газар үгүй боллоо. Гуравдугаар хороололд Пүрэвсүрэн гэж био энергиэр хорт хавдрыг эмчилдэг хүний сураг гарав. Арван дөрөв хоногийн төлбөр нь 3-5 сая төгрөг гэнэ. Чигдэж зовсон хүмүүс мөнгө төгрөг цуглуулаад, хашаа байшин юугаа ломбарданд тавиад очдог л гэнэ. Бид ч очих л байсан. Харин бурхан болооч маань өөрөө тийшээ очихыг хүсээгүй билээ. Учир нь хөөрхий ижийдээ бид “Хагалгаа амжилттай болсон. Хоргүй хавдар байсныг нь аваад хаячихсан” гээд хэлчихсэн юм шүү дээ. Ямар “Хорт хавдар байсан. Одоо найдваргүй боллоо. Та 3-4 хөн сар л амьдарна” гэж хэлэлтэй нь биш дээ гээд худал хэлчихсэн юм. Үнэхээр тэр гурав, дөрвөн сарын дотор юу сайн гэсэн бүхнийг идүүлээд, уулгаад босгоод ирнэ гэж итгэж байсан юм даа бид. Гэвч эмчээсээ зөрөн байж тэгж худал хэлснийхээ горыг удалгүй амсаж эхэлсэн дээ. Ээждээ үнэнийг хэлчихсэн байсан бол тэвэрч суугаад дотроо онгойтол уйлж, хэлье гэсэн үг бүхнийг нь сонсож, дутуу бүхнийг нь гүйцээх ч байсан юм билүү. Тийм үед худлаа хэлж болдоггүй юм билээ. Эмч надад нэгэн гашуун түүх ярьсан юм. “Яг миний ижий шиг оноштой ах байжээ. Авгай хүүхдүүд нь эмчээс мөн л эдгэнэ гэж худал хэлэхийг шаарджээ. Эмч нар ч ёсоор болгож. Гэвч эцсийн мөчүүд ирж хэвтэрт хүний гарт орсон хойноо өнөөх ах “За эмч минь үнэнийг хэлчих. Би эдгэхгүй юм шиг байна тийм үү” гэжээ. Тулгамдсан бас үнэнд гүйцэгдсэн эмч үнэнээ хэлж. Гэтэл өнөөх хүн ”Иш эмч минь та надад үнэнийг хэлчихгүй яав даа. Ах нь ганц нууц хүүтэй юм. Үхэхээсээ өмнө үгээ хэлж, өмч хөрөнгөө нааш цааш нь болгох ажил эр хүнд, тэр тусмаа аав хүнд байдаг юм “ гээд уйлсан гэдэг. Тэгээд тэр хүн хүүтэйгээ уулзах боломжгүй байсаар өөд болжээ. Эмч энэ явдлаас хойш өвчтөндөө үнэнийг хэлэх ёстой, хорвоогоос явах хүн бүрт бэлтгэл хийх эрхийг нь өгөх ёстой гэсэн бодолтой болсноо надад хэлсэн. Гэвч дэндүү оройтсон байлаа.
Анхны эмчээс сүүлчийн эмч хүртэл…

Ижийгээ хөтлөөд ХСҮТЭ-ийн үүдээр инээлдэн орсон тэр өдөр ангиографийн эмч Н.Юмчинсэрчин анхны мэс ажилбарыг нь хийсэн юм. Цөс нь биеэр нь сул асгаж бусад эд эрхтэн хийгээд цусаа хордуулж байгааг нь таслан зогсоосон эмч. Хамгийн анхлан нүүр тулж уулзсан энэ эмч хатуу боловч үнэн үгийг нүд рүү минь харж байгаад хэлсэн хүн. Урд өмнө огтоос танихгүй энэ хүн сайн эмч төдийгүй өвчтөндөө ариун цагаан сэтгэлээр ханддаг болох нь төдөлгүй тодорхой болсон юм. Ялангуяа хагалгаа амжилтгүй болсны дараа хөөрхий ижий минь өдөр хоног, цаг минутаар дордож, үүнийг дагаад үр хүүхэд ар гэрийнхэн нь ч сэтгэл санааны “хорт хавдараар” давхар өвдөж эхлэхэд сайхан сэтгэлээр хандаж байсан энэ эмчийн ачийг хэзээ ч үл мартана… Өдөр хоног явсаар ижий минь бүрмөсөн хэвтэрт орж морфин хэмээх тарианд орлоо. Нэг л мэдэхэд ХСҮТЭ-ийн Хөнгөвчлөх тасагт хэвтлээ. Хөнгөвчлөх тасаг. Энэ бол үхэлд зайлшгүй хүрэх өвчтөнүүдийн сүүлчийн мөчид очдог газар. Үхэлд хүрэхэд нь хөнгөвчилж өгөх тасаг юм. Энэ тасагт хүн инээдэггүй. Энэ тасагт маргааш гэж байдаггүй. Хэдийгээр өглөө бүр нар манддаг ч энэ тасагт тэр нар үхэл рүү хүргэж өгөх цаг минутыг ойртуулж манддаг. Энэ тасагт бүгд өнөөдрөөрөө яг одоогийнхоо цаг минутаар амьдардаг. Таван минутын өмнө амьд байсан хүн таван минутын дараа байхгүй болдог. Энэ тасгийн хонгил, шат, ариун цэврийн өрөөнд хэн нэгэн уйлж суудаг. Хайртай хүнээ алдах гээд яаж ч чадахгүйдээ аргагүйдэн зовж байгаа нь тэр. Энэ тасагт л нулимс албан ёсны хүлээн зөвшөөрөгдсөн зөв үйлдэл болдог. Энэ тасагт л үхэл хэнээс ч айж ичихгүйгээр сул чөлөөтэй эргэлддэг. Энэ тасагт л хүн үхэх нь хэнд ч гайхмаар санагддаггүй. Тиймээ, энэ тасагт л үхлийн хүйтэн амьсгал үс ирвэгнүүлэн хажууд аахилж байдаг… Хөнгөвчлөх тасагт ажилладаг эмч сувилагч нар сэтгэл зүйн нарийн мэдрэмжтэй, хүнлэг байхгүй бол аймшигтай. Өвчтөнөө загнаж хүйтэн хандаж болохгүй. Бас худлаа сайхан загнаж болохгүй.Сэтгэл санаагаараа нөгөө ертөнцөд тун ойртсон хүн мэдэрчихээд байдаг талтай. Энд өмч хөрөнгө, албан тушаал, зэрэг дэв харгалзаж болдоггүй газар. Яагаад гэвэл бүгд адилхан үхэх учраас. Тэр үхэлдээ бас дэндүү ойрхон байгаа болохоор. Хөнгөвчлөх тасагт одоо ч ажиллаж байгаа даа, христийн шашинтай нэг охин бий. Асрагч хийдэг юм. Тэр дуугүй номой охин намайг палатныхаа үүдэнд уйлж суухад минь мөрөн дээр гараа тавьж “Эгч ээ, таны ээжийн төлөө залбирдаг бас нэг хүн энд байдаг юм шүү… ”гэхэд хүмүүний энэ сайхан сэтгэлийн өмнө би босох тэнхэлгүй болтлоо баярлаж бас сульдаж тэр өдөржингөө уйлсан атлаа жаргалтай байсан юм шүү. Тэр охины нэрийг нь асуух ч ухаан байсангүй ээ. Сайхан сэтгэлийн чинь төлөө одоо л би залбирч суугаа шүү, охин минь…

Анхны оношоос хойш яг гурван сар 6 хоногийн дараа хайрт ижийгээ энэ эмнэлэгт энэ тасагт үүрд алдаж билээ. Хөнгөвчлөх тасгаас гараад гэртээ хоёрхон хоноод л буцаад ирсэнсэн. Хөнгөвчлөхийн эмч нар үхлийг гэртээ угтсан нь дээр гэх зөвлөгөө өгсөн ч бид чадаагүй юм. Ямар ч тариа хийхгүйгээр цаг минут тутам үхлийг хүлээж сууна гэдэг оюун ухаан, зүрх сэтгэл даахааргүй хатуу санагдаад тэр. Хүлээн авах дээр ирэхэд эмч нар өнөө шөнийг давахгүй л гэсэн. Гэвч давлаа. Дахиад хоёр ч хонолоо. Нэгэнт л үхэж байгаа юм чинь одоо яахав дээ, юу ч нэмэргүй гэсэн сэтгэлээр хандсан эмч бас бий. Хэлэх хэрэгтэй. Харин гурав дахь өдөр дээр нь анх ээжийг минь гар дээрээ авсан Н.Юмчинсэрчин эмч жижүүрт гарлаа. Амралтын өдөр байсан даа. Юмка эмч ирүүтээ шинжилгээ авч нэмэлт эмчилгээ бичлээ. Мэдээж шинжилгээний хариу авах юмгүй муу гарлаа. Гэвч эцсийн мөч хүртэл бүхнийг хийхээр боллоо. “Ээжээ, Юмка эмч нь ирсээн. Танд эмчилгээ нэмж байна. Одоо алзахгүй ээ” гэхэд муухан инээсэнсэн. Тэгээд эмчийг хараад удаан гэгч нь инээмсэглэж билээ. Өөрт нь байнга сайн ханддаг, өөр тасаг руу шилжээд энэ эмчид ямар ч хамаагүй болчихсон байхад нь ч яав ийв гэж явсан энэ эмчид бурхан болооч маань тун элгэмсүү байдагсан. Тэр өдрөө л ижий минь Юмка эмчийн гар дээр эцсийн амьсгалаа татаж билээ. Яг тэр өдөр өвлийн эхэн сарын Шинийн найман байсан. Гандантэгчилэн хийд тэргүүлэн бүх хийдийн хамба нар нэг дор сууж Их Манал хурж эхлэх яг тэр цагт ижий минь бурхны орон өөд морилсон доо. Тэнгэрт одох цаг нараа, хэн гэдэг эмчийн гар дээр амьсгал хураахаа ч өөрөө сонгожээ гэж одоо би боддог… Ай сайхан сэтгэлтэй эмч нарт баярласан хүн бүхний сэтгэлийн талархал тэнгэрийн од мэт үржиж үйлс бүхэн нь дэлгэрч явах болтугай.

Хорт хавдар, түүнийг дагасан бизнес

Намайг ижийгээ алддаг тэр өдөр таван хүн нас барсан байлаа. Хаяахан киноноос хардаг байсан энэ өвчин манай улсад олширч байгааг эмч нар хэлсэн. Таньдаг хүн бүрийн маань хамаатан саданд хорт хавдраар өвдсөн нэг хүн заавал байгааг анзаарлаа. Ялангуяа хөдөөнөөс ирж буй хүмүүс бол бүр хэцүү. Миний хажуу талын орон дээр Өвөрхангай аймгаас ирсэн нэгэн хүн байлаа. Дөнгөж 45 хүрч яваа тэр эмэгтэй дүү охин, нөхөр хоёртойгоо хамт хотод иржээ. Дүү охин нь эгчийгээ сахина. Нөхөр нь өдөржин эмнэлгээр нааш цааш явж орой нь жижүүрийн хажуудах сандал дээр унтана. Авчирсан жаахан мөнгөө бүгдээс харамлан байж эм тарианд увуу цувуу гаргана. Тэдэнд эргэлт байхгүй. Бид хоолноосоо илүүчлэнэ. Бас хүмүүсийн буруу зөрүү зөвлөгөөг дагана. Энэ өвчинг дагасан бизнес улам цэцэглэн хөгжиж байгааг би биеэр амссан болохоор сайн мэднэ. Би нэгэн хувийн эмнэлэгт үзүүлтэл хорт хавдраар өвдсөн хэмээн оношлов. “Та хорт хавдраар өвджээ. Шинжилгээ батлагдлаа. Яаралтай хагалгаа төлөвлөх хэрэгтэй” гэсэн энэ үг хүний амьдралыг хэрхэн өөрчилж сэтгэл санаагаар унагадгийг тэд өөрсдөө төсөөлдөггүй байх. Өөрөө хорт хавдартай,бас дээрээс нь ээжийгээ энэ өвчнөөр өвдсөн гэж сонсох амаргүй юм билээ. Ингээд ижийнхээ өмнө орж үхчих вий гэсэн айдас намайг бүтэн хоёр сар зовоосон. Хэлж болдоггүй, хэлэхгүй байж болдоггүй сэтгэлийн зовлонд уналаа. Харин ХСҮТЭ ийн эмч нарт өнөөх оношоо үзүүлтэл ”өө энэ чинь хорт хавдарын урьтал үе шүү дээ. Энэ амархоон, санаа зоволтгүй ” гээд л асуудлыг тэр дор нь шийдэж орхисон. Гэтэл тухайн эмнэлэг болохоор сүртэй зүйл хэлж үнэ ихтэй хагалгаа төлөвлөж байгааг бизнес гэхээс өөрөөр юу гэж хэлэх билээ. Миний нэг найз бий. Тэр маань олны танил од хүн. Түүнийг хорт хавдар туссан, хоёр сараас илүү насгүй гээд хэлчихэж. Өнөөх маань сэтгэлээр унаж хямраад хамаг юмаа шавхаж, зарим эд хөрөнгөө заран байж Бумранград эмнэлэгт очжээ. Гэтэл хорт хавдар биш байж. Ирээд нөгөө эмч рүүгээ утасдаж”Та худлаа хэлсэн байна шүү дээ” гэтэл “Чи нэлээд сайн ном уншуулаад л явж дээ. Тэрнээс биш яах ч аргагүй хорт хавдар байсан дээ” гэжээ. Тэр эмчийн нэрийг энэ удаа хэлэхээ больё. Ер нь Монголоос хорт хавдартай гэж оношуулж очсон 10 хүн тутмын 7 худлаа гэсэн албан бус тоо байдаг юм билээ. Хэрэв үүнийг уншиж байгаа хэн нэгэн ийм оноштой бол ХСҮТЭ-д хандаж оношоо баталгаажуулах хэрэгтэй шүү. Бас хэн нэгний сайн гэсэн бүхнийг худалдаж аваад идэж уугаад байх дэмий юм билээ. Яахав дээ, эцэст нь бүхнийг хийсэн дээ гэж сэтгэлээ л хуурах юм биз. Харин эсэргээрээ бол хорт хавдар хэмээх өвчнөөр түрээ барьсан бизнесийг хөгжүүлэхэд нэмэр оруулж л байгаа хэрэг шүү дээ. ХСҮТЭ –ийн энэ жилийн төсөвийг тэрбумаар хасчээ. Тэгэхээр өвчтөнд гарцаагүй хэрэгтэй эм тариа мөн тэр хэмжээгээр танагдлаа гэсэн үг. Энэ таналтыг жирийн иргэд өврөөсөө гаргана. Гэтэл хорт хавдараар өвдсөн иргэн бүхэн үнэгүй эмчлүүлэх ёстой гэсэн хууль яах билээ… Нэг тохиолдол ярьж өгье. Р.Мөнхбат эмчийн өрөөнд санамсаргүй яваад ортол хувцас муутай нэгэн эр сууж байсан. Эмч ”Та хавдартай юм байна шүү дээ. Одоо яаж ийж байгаад компьютерт харуулчихмаар байх юм. Тэгвэл хоёулаа хавдар хэр тархацтай явааг мэдчихээд хагалгаанд орох эсэхээ мэдмээр байна” гэтэл өнөөх эр “Эмчээ надад тийм их мөнгө байхгүй ээ. Хэзээ ч олдохгүй”гэж билээ. Эмч толгой сэгсэрсэн. Өөр яах ч билээ. Компьютер томографад харуулахад 200-400 мянган төгрөг шүү дээ. Мөнгөгүй л бол үхлээ хүлээгээд суух ёстой юу…

Бурханы хутгыг олсон ижийнхээ төлөө бичих сүүлчийн нийтлэлээ ийнхүү дуусгалаа. Ижийтэй минь ижил өвчнөөр шаналж байгаа хүмүүс, тэдний ар гэрийнхэнд туслах зорилгоор ХСҮТЭ-ийн Элэг цөс нойр булчирхайн тасагт нэгэн төхөөрөмж авч өгөх аргыг эрж хайгаад л явна. Тэр тасагт эрдэм ухаантай алтан гартай хэд хэдэн эмч бий. Бас гаднаас сургалт явуулж, зарим хүнд хагалгаанд ирж оролцдог гадаадын эмч нар бий. Тэд ирээд хэдхэн эмч сувилагчтай хамт хагалгаанд орчихоод л яваад өгдөг. Харин үүнийг өөрчилж хагалгааны өрөөнөөс шууд хурлын танхим руугаа хагалгааны явцыг шууд дамжуулдаг болгох аргыг Ж.Чинбүрэн эмч сэджээ. Ингээд анхны холболтыг нь би хийж өгсөн юм. Яг л телевизийн шууд эфир цацагдаж байгаатай адилхан холболт хийсэн. Одоо бол дүрсийг нь дамжуулж чадаж байгаа боловч дууг нь дамжуулах боломжгүй байгаа. Дууг дамжуулахын тулд дууны пульт, хагалгаанд оролцож буй эмч нарт энгэрийн микрофон хэрэгтэй. Энэ төхөөрөмжийн үнэ 15 сая төгрөг болох юм. ХСҮТЭ үүнийг гаргах төсөв байхгүй. Тэд надаас үүнийг авч өгөөч гэж тусламж хүсээгүй. Мэдээж тэд хэзээ ч хүсэхгүй. Гэвч энэ төхөөрөмж тэдэнд хэрэгтэй. Хэзээ ч давтагдахгүй хагалгааг уг хагалгаанд орж буй ганц хоёрхон эмч сувилагч л хараад өнгөрөхгүйгээр сургалт хэлбэрээр заал руугаа шууд дамжуулах юм. Тэгвэл тэр зааланд 100 эмч суугаад ч үзэж болно. Тэд бас суралцаг. Алтан гартай эрдэмтэй эмч нараасаа хагалгааг хэрхэн хийж буйг харж, шууд холбогдон асууж болох, эмч нь өөрөө тайлбарлаж болох энэ холболт чухал юм аа. Сайн эмч нар олширч л байвал хүн ард минь эрүүл энх байх биш үү.

Ижийдээ , өөртөө тохиолдсон энэ бүхнийг бичдэг нь бусад хүмүүс сургамж аваасай, бүү гэнэдээсэй , бас бусдад туслах сайхан сэтгэлээ хуваалцаасай гэж хүслээ. Дуртай чихрийг нь аваад өгсөн ч идэж чадахгүй, гоё сайхан хувцас аваад өгсөн ч өмсөх чадалгүй, гадаад орон руу аваад явья ч нислэгийн ая даахгүй болсон цагт бүх юм оройтсон байдаг юм шүү. Амьд бурхан ижийгээ л хайрлаарай, хүмүүс минь.

Comments

comments