Б.Эрдэнэтуяа: Хүний үс хүний оюун санаа, хийморь сүлдтэй нягт холбоотой

Монголын цэнгээнт бүжгийн “Хатан хаан” цол хүртэж байсан Батсүхийн Эрдэнэтуяа хатагтай Стивен Сигалын гурав дахь эхнэр билээ. Сигал 2001 онд Монголд ирж Чингис хааны тухай кино хийнэ, хатны дүрийн жүжигчин сонгон шалгаруулна гэж байхдаа ирээдүйн эхнэрээ “шалгаруулсан” юм. 2002 онд МУИС-ийн ОУХДС-ийг япон хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн. Таван жил хувийн туслахаар нь ажилласны эцэст Б.Эрдэнэтуяа түүний эхнэр болсон юм.


Б.Эрдэнэтуяа бас шүлэг бичих авьяастай. Бичсэн шүлгүүдээ “Нүүр ном”-доо байнга тавина. Мэргэжлийн хүмүүс түүнийг “Ном болгож хэвлүүлээрэй” хэмээн зөвлөдөг байна.

ҮСЭНД ГАЛ БАЙДГИЙН УЧИР…

Орой дээр чинь гал байдаг юм
Онгод дээд тэнгэрийн хүч оршдог юм
Огторгуй ертөнцөд зорчдог үүд байдаг юм 
Олон эрдмийг хураах хүрдэн байдаг юм!

Тиймээ, би үсээ ихэвчлэн шуудаг эсвэл боодог, болж өгвөл сүлждэг хүн л дээ. Хааяахандаа л ингэж хэдхэн хором задгайлж тэрүүхэндээ айлгүйтнэ. Унтахдаа харин дандаа сүлжинэ.
Бүсгүй хүн үсээ задгайлж болдоггүй юм, чөтгөр шулам лугаа дүрд хувирч, лай ланчиг дуудаж, муу ёр зөгнөдөг юм гэж өвгөд эмгэд сургадаг. Учрыг сүүлд мэдэх нь ээ, хүний үс хүний оюун санаа, хийморь сүлдтэй нягт холбоотой, үсэнд маш их мэдээлэл агуулагдаж байдаг, болж өгвөл задгайлаад юм уу тайраад баймгүй зүйл байдаг юм байна. Орчлон ертөнцтэй холбогдох суваг (антена) болдог төдийгүй, оюунт дээд тархи тэргүүн болоод хүзүү нуруу нугасыг тань хамгаалж байдаг үнэтэй нандин зүйл байдаг юм байна.

Саяхан “Монгол Хүн Би” хэмээх бичвэртээ “Үсэндээ галтай Монгол хүн би” гэж бичсэнд зарим хүмүүс эгдүүцэж, элэнцгийн чинь үсний гал вэ, нүд гээчээ гэцгээсэн байна лээ. Уг нь амьд бодгал бүхэн бүхэлдээ гал юм л даа. Эс, эд, эрхтэн бүхэн галтай.

Ялангуяа Монгол хүн бол мөнхийн гурван галтай төрдөг, тэр гурван галаа гэзгээрээ домнож гурваар даран сүлжиж гал буюу эрчмээ алдахгүйн тулд гурван галаа манаж бөхлөж явдаг юм гэнэ лээ. Тиймийн тул……..
Оройн дээд тэргүүн галдаа
Олон хүн бүү хүргэж бай
Онцолж түүхийг ихэд манаад
Орон зайг нь хамгаалж бай
Боож сайхан самнаад
Болж өгвөл сүлжээд
Бодол оюунаа төвшитгөөд
Бурхан ухаанаа эрчилж бай гэж
Бүсгүй гэлтгүй бүстэй бүхэнд дуулгаж нэг хэлмээр байлаа!

Б. Эрдэнэтуяа
2018.10.7

Comments

comments