Мах болон төмс байхад л та хэн ч татгалзаж чадамгүй амттай хоол хийж чадна!

Өнөө орой ямар хоол хийх гэж байна? Гэрийн эзэгтэй нарт тулгардаг нэг асуудал нь орой хийх хоолоо сонгох байдаг. Ялангуяа олон төрлийн хоол хийгээд байдаггүй эзэгтэй нарт бүр төвөгтэй. Дахиад л нөгөө будаатай хуурга, цуйван, гурилтай шөл гээд л. Тэгвэл өнөөдөр та бүхнийхээ хоолны жагсаалтанд нэгэн амттай хоол оруулахаар авчирлаа.

Энэхүү хоолны орц нь айл бүрийн хөргөгчинд байдаг хүнсний ногоо болон мах багтах учир та заавал дэлгүүр орж илүү материал авах шаардлагагүй. Нөгөө л материалуудаа ашиглаад, илүү амттай хоол хийх боломжтой юм. Ингээд хамтдаа хоолныхоо жор болон хийх аргатай танилцъя.

Орц:

  • Төмс – 600 гр
  • Татсан үхрийн мах – 550 гр
  • Улаан лооль – 3 ширхэг
  • Бяслаг – 120 гр
  • Сонгино – 1 ширхэг
  • Сармис – 2-3 хумс
  • Давс – 1 халбага
  • Улаан перец – тал халбага
  • Хар перец – тал халбага

Хийх арга:

Сармис болон сонгиноо машиндах эсвэл миксердэж бэлтгэнэ. Үүнийгээ татсан махан дээрээ хийж, давс, перецээр амтлаарай. Махаа 5-10 минут амраана. Одоо махаа жижиг жижиг хэмжээтэй бөөрөнхийлж тавих хэрэгтэй.

Төмсөө 1-1.5 см зузаантай дугуй хэрчинэ. 2 ширхэг хэрчсэн төмсөн завсраа бөөрөнхийлсөн махаа хавчуулаарай. Ингээд хавчуулсан төмстэй махнуудаа шарах шүүгээндээ хийж тойруулна. Улаан лоолио миксердэж нухаад, бэлтгэсэн махан дээрээ түрхэх бөгөөд дээр нь үрсэн бяслагаа цацаарай.

Ингээд хоолоо 180 хэмд 40 минут жигнэж гаргаарай. Хоолоо гаргаснаас 5 минутын дараа таваглаж идэж болох юм.

Comments

comments